Wednesday 25 March 2009

Монгол улс нүүрсхүчлийг худалдаалах дэлхийн зах зээлд оролцоно

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа Их түмэн санаачлагын олон улсын аравдугаар уулзалт Улаанбаатарт хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Их түмэн санаачлага нь гишүүн орнуудынхаа эдийн засгийн ногоон өсөлтийг хангах, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа ба хөрөнгө оруулалтын нэгдмэл бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэдэг.

Ялангуяа байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглахад онцгойлон анхаарч, эрчим хүч, тээвэр, худалдаа хөрөнгө оруулалтын салбарт байгальд халгүй технологи нэвтрүүлэхийг гол чиглэл болгоод байгаа. Учир нь сүүлийн үед дэлхий нийтээр түгшүүр төрүүлэх болсон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бүс нутгийн эх газрын хэсэгт хуурайшилт, цөлжилт, газрын доройтол үлэмж нэмэгдэн цэвэр усны нөөц хомсдож, далай тэнгисийн эрэг хавиар усны түвшин ихсэн нам дор газрууд усанд автах болзошгүй аюул нүүрлээд байгаа юм. Уур амьсгалын энэ гэнэтийн өөрчлөлтийн нэг гол шалтгаан нь хүний хүчин зүйл. Нүүрс болон бусад түлшийг шатаах, ойн нөөцийг хомсдуулах, зам тээврийг хөгжүүлэх нь хүлэмжийн хийн ялгарлыг улам нэмэгдүүлсээр байгаа. Тиймээс хамгийн түрүүнд эрчим хүчний зориулалтаар ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах, байгальд хоргүй технологи ашигласан био түлшийг үйлдвэрлэх, байгалийн нөөцийг хаягдал, бохирдолгүй ашиглах нь тогтвортой хөгжлийн бодлогын гол үндэс гэдгийг улс орнууд нэгэн дуугаар хэлж байгаа. Монгол орны хувьд ч мөн ялгаагүй томоохон гол мөрний дагуу УЦС-уудыг барих, атомын эрчим хүч ашиглах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэхэд төрийн бодлогоо чиглүүлсэн.

Тухайлбал Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэлхийн банк, Японы техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь Монгол улс нүүрстөрөгчийг худалдаалах дэлхийн зах зээлд оролцох чадавхитай болох гэнэ. Ялангуяа манайх шиг түүхий эдийн асар их нөөцтэй орон эдийн засгийн бүх салбар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад ногоон бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, Засгийн газар өөрөө худалдан авалтаа ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад чиглүүлэх шаардлагатай гэдгийн БОАЖ-ын сайд онцоллоо. Мөн газар ашиглалт, дэд бүтцийг төлөвлөхдөө экологийн үр ашгийг нь хамгийн түрүүнд тооцох, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд эрчим хүч бага зарцуулдаг, усны хэмнэлттэй, хаягдал бохирдолгүй технологийг нэвтрүүлэхэд Их түмэн санаачлагын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд үр нөлөөгөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.