Thursday 16 April 2009

Уншихад илүүдэхгүй

Эрчим
Эдийн засгийн суурь салбар-эрчим хүчний хувьд Монгол улс гүн хомсдолд орох ойрхон байгаа юм. Говийн эрчмийн хэрэгцээ гэлтгүй ердөө Улаанбаатарын хэрэгцээг хангахад нэн хүнд болоод байна. Асуудлыг шийдвэрлэхээр Дулааны тавдугаар станц барих талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Эхэндээ шинэ станцыг БНСУ-ын тал барьж байгуулах тухай яригдсан билээ. Газар байршлыг нь ч ерөнхийдөө товлоод байв. Харин энэ асуудал хэсэг чимээгүй болсны эцэст Улаанбаатарын Дулааны тавдугаар станцын тендерт БНХАУ идэвхтэй бэлтгэж эхэллээ. Бусад оролцогч , өрсөлдөгч яагаад гарч ирэхгүй байгааг хэлж мэдэхгүй нь. Юутай ч станцыг барихаар төлөвлөсөн газарт айлууд хэдийнэ хашаа хатгаад эхэлчихсэн, тендерт оролцогч аанай л ховор, ганц улсаар хязгаарлагдсаар байна.

Тавдугаар станцын хүчин чадлыг 300 Мгв байхаар төлөвлөжээ. Энэ станц зөвхөн Улаанбаатараар овоглохгүй, урагшаа домогт Оюутолгой руу эрчим нийлүүлж магадгүй. Ийм утгаараа тавдугаар станцын бүтээн байгуулалт нь яах аргагүй ойрын хэдэн жилд хийхээр төлөвлөгдсөн нүсэр ажлуудын нэг ээ. Тендер нь удаашрах хандлагатай гэнэ. Нэг оролцогчтой тендер гэж байх биш дээ.

Эрчим хүчний бүтээн байгуулалтуудын аваргын аваргаар Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн байгуулах дулааны станцыг нэрлэе. Аварга бүтээн байгуулалт төдийгүй эрчмийн салбартаа овгор үүрэг гүйцэтгэх гэнэ. Энд үйлдвэрлэх эрчмийн хэмжээ нь 3600 МГв. Улаанбаатарын зүүнтээ баригдах тавдугаар станцын хүчин чадалтай харьцуул даа? Хэд дахин том энэхүү байгууламж үйлдвэрлэсэн эрчим хүчээ БНХАУ-д экспортолно. Мөн л Хятадын тал Шивээ-Овоогийн цахилгаан станцыг байгуулах бололтой. Хашаа хорооны хязгаарын тухай дээр дэмий нэг дурдсангүй. Уул уурхай, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалтад маш их хөрөнгө зарцуулдаг агаад санхүүжилтийн хэмжээнээс айж цочирдохгүй улс орон бол ОХУ ба Хятад болоод байна. Тэд Монгол улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын том ордуудыг олборлох ажилд оролцох сонирхолтой төдийгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө хүч гаргахаас татгалзахгүй.

Өнөөдөр монголчууд бидний өөр зуураа маргалдан наашаа цаашаа гээд байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа өрнөх их бүтээн байгуулалтын зүр зураг тодорч байна аа гэсэн үг. Их говь ба нийслэлийг холбосон эрчмийн нэг урсгал байж болох нь. Түүнчлэн Шивээ-Овоогоос урд хөршийг чиглэсэн бас нэг том маршрут эрчмийн үйлдвэрлэлийн хувьд тодорхой болоод байна. Шивээ-Овоог гэхдээ зөвхөн хятадуудад зориулагдсан станц мэтээр нэлэнхүйд нь хардаад яахав. Манай улсын төвийн бүсийн эрчмийн хэрэгцээг хангах төдийгүй говийн бүсийн нэг том эх үүсвэр болж чадах өндөр хүчин чадалтай байх юм. Мөн Чойр-Нялгын нүүрсний бассейнийг түшиглээд шингэн түлшний үйлдвэр байгуулах хэтийн төлөвлөгөө манай Засгийн газарт байгаа. Уг сав газарт Шивээ-Овоо багтдаг. Дулааны дээрх хоёр станцын талаар нийтлэлийнхээ эхэнд онцлон дурдсаны учир нь БНХАУ-аас авах арилжааны зээлийн зарим хэсгийг эдгээр ажилд зарцуулах магадгүй юм. Шивээ-Овоод эрчим хүчний цогцолбор барих хэлэлцээрийг Засгийн газрын тэргүүн өнөөдөр Хятадын удирдлагуудтай хийж байна. Уг цогцолборыг 2016 он хүртэл барьж байгуулах бололтой. Мөн л яг өнөөдөр хэлэлцээрийг нь үзэглэх гэж буй Хятадын 1.5 тэрбум ам. доллар арилжааны зээлийн нөхцөл нь арван жилээс урт хугацаатай гэсэн ерөнхий дүр зураг гараад байгаа. Түүнчлэн арилжааны зээлийнхээ зориулалтыг Хятад улс нь Монголын уул уурхай ба барилгын салбарт оруулах маягаар нөхцөл болзол тавих бололтой. Ийм хэмжээний зээлийг шингээх чадвар манай уул уурхай , барилгын салбарт бий.

Харин аюулгүй байдлын үүднээс авч үзвэл манай улс эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдээ Хятад улсын хөрөнгө оруулалтаар байгуулах гэж буйд болгоомжлох ёстой. Эрчмийн шинэ шугамуудын ийм дүр зураг говийн уудамд гарч байна. Үүний зэрэгцээ Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн 600 МГв-ын хүчин чадалтай дулааны станц байгуулах төлөвлөгөө бий. Энэхүү станцын хүчин чадлыг цаашид 2000 МГв болтол нь нэмэгдүүлэх боломжтой хэмээн манай судлаачид үзэж байгаа. Хэн уг станцыг барьж байгуулах тухайд одоогоор мэдээлэл үгүй байна. Юутай ч Тавантолгойгоос гарах “хаягдал муу” нүүрсээр асар их эрчим үйлдвэрлэх боломж байгаагаас үзэхүл эндээс их говийн ахуйн болоод уурхайнуудын хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой. Лавтай Засгийн газар тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулах байх. Дулааны томоохон станцын зөвхөн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах олон улсын мэргэжлийн багийн ажлын хөлсөнд 300.000 орчим ам. доллар төлдөг, төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд нийт 1-2 сая ам. долларын хүрээнд ажлын хөлс гардаг гэсэн жишгийг судлаачид манай Засгийн газарт танилцуулжээ.

Том том мөнгөн дүн эрээлжилсэн төслүүд бидний өмнө овоорчээ. Дэд бүтцийн нүсэр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө Монголын Засгийн газарт байхгүй юм. Байхгүй мөнгийг бартер хийж босгох санаа бас гараад байна. Тэр бол уул уурхайн бүтээгдэхүүнээрээ төлбөрийн баталгаа гаргах хувилбар. Энэ ажилд “Эрдэнэс МГЛ” компанийг Засгийн газар өмнөө барина. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компани маань Б. Энэбиш захиралтайгаа цуг , жаахан хошигновол, “амьд” баталгаа болох нь ээ, хөөрхий.

Шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаас гаргасан юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн эзэмшиж буй Тавантолгойн орд газрын лицензээр том төслүүдэд хөрөнгийн баталгаа гаргана гэж ойлгож болох юм. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд “Монголын төмөр зам” ХК хэмээх шинэ байгууллагын хувьцааны хэсэг бас очих бололтой.

Монгол улсад ойрын 3-7 жилд байгуулагдах дулааны станцуудын талаар товч дурдахад ийм. Одоогоор бүгдээрээ төсөл хэлбэрээр цаасан дээр төлөвлөгдсөн байна. Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад өгөх шаардлагатай нь Тавантолгойн ордод байгуулагдах станц юм. Оюутолгойн хувьд уурхайн барилгын ажил хийгдэх явцад Хятадаас эрчмээ авна. Эхний ээлжинд , уурхай бага хүчин чадлаараа ажиллах үед цахилгааны хэрэглээ 50 МГв орчим байна гэж үзээд “Оюутолгой” төслийнхөн эрчмийн хангалтад тэгтлээ санаа зовохгүй байгаа юм. Оргил ачааллынхаа үед Оюутолгойн уурхайд 300 орчим МГв-ын хэрэгцээ бий болно. Тэр болтол Кит Маршал “хашаан дотроо” станцаа байгуулаад, эсвэл Хятадаас эрчим хүч аваад үйлдвэрлэлээ төвөггүй явуулаад байх аж. Энэхүү “Хашааны гадна, доторх” тухай ойлголт бол Монгол улсын Засгийн газарт хийх учиртай маш олон ажил үлдээд байгааг ойлгуулах гэсэн зүйрлэл юм. Тухайлбал, зөвхөн дулааны том том станцуудын тухай өнөөдөр ярьж байгаа боловч дамжуулах шугамыг хэн, ямар хөрөнгөөр татах, цаашид арчлалт хамгаалалтыг хэн хариуцах гээд асуудлууд ар араасаа ундарна. Говийн бүсийн хөгжлийг цогц байдлаар харах , төлөвлөх, ажлуудыг уялдуулах субьект нь Монгол улсын Засгийн газар болоод байна. Хөрөнгө оруулагчдын хувьд хашаа хашаандаа хаалгаа хаагаад ажиллаад байж мэдэх тул бүс нутгийн хөгжлийн ажлуудад тэднийг хэрхэн татан оролцуулахыг зохицуулах оператор нь Засгийн газар болох нь ээ.

Зам
Эрчим нь эх орны аюулгүй байдлын амин чухал асуудал бол бүтээгдэхүүн тээвэрлэх зам нь биднийг тэжээх мөнгөн хөрөнгийн гол судас юм. Тэр ч утгаараа орд газруудаас зах зээл хүртэл хэн зам татна тэр этгээд голлон тоглогч болох гээд байна. Дахиад Китийн нэрийг дуудаж, чихийг нь халууцуулах нь ээ, түүнд төмөр зам хэрэггүй. Зэсийн баяжмалыг засмалаар зөөгөөд байж болох гэнэ. Харин Тавантолгойн коксжих нүүрс хэмээх алтнаас дутуугүй ач холбогдолтой баялгийг зөвхөн төмөр замаар зөөвөрлөнө. Тийм ч учраас Транс Сибирийн төмөр замын эзэн, Транс Монголын төмөр замын талыг эзэмшигч ноён В.Якунины нэрийг монголчууд ингэтлээ сайн цээжилжээ. Тавантолгойн нүүрсийг зөвхөн урд хөрш рүү ачаад байхгүйн тулд Монгол улс түүхэндээ анх удаа маш том шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг манай олон нийт одоохондоо тэгтлээ анзаараагүй байна. Тавантолгойгоос Зүүнбаян, цаашлаад Чойбалсанг зүглэх төмөр замын магистрал татна гэдэг бол дэндүү том бүтээн байгуулалт юм. 920 км урт замыг та төсөөлнө үү. Уртынхаа хэрээр мөнгө шаардсан ажил. “Галзуу” хүн л зориглон барьж авах ажил.

Говийн бүсийн дэд бүтцийн судалгааг Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр Дэлхийн банкны мэргэжилтнүүд хийсэн билээ. Тэд ажлынхаа үр дүнг яг жилийн өмнөөс эхлэн нийт дөрвөн удаа тайлагналаа. Өнгөрсөн оны тав, ес, аравдугаар сард төслийн баг ажлынхаа эхний үр дүнгүүдийг манай талд танилцуулсан бол дөрөвдүгээр сарын 13-14 –ний өдрүүдэд судалгааны нэлээд цэгцэрсэн сүүлийн хувилбарыг Монголын төр, засгийн байгууллагуудад танилцуулан, өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгтгээд , эцсийн байдлаар төслийн дүнг ирэх зургаа, долдугаар сард бэлэн болгох бололтой. Дэлхийн банкны дэд бүтцийн ахлах мэргэжилтэн Жеймс Рейхерт тээврийн шинэ маршрутын талаарх судалгааны дүнгээ танилцуулж байх мөчид Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байсан юм. Энэ хуралдаанаас төмөр замын хоёрдугаар маршрут буюу Монголын хувьд нэг ёсны БАМ-ыг байгуулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн банкны судлаач нүүрс тээвэрлэх боломжит нийт зургаан маршрут гарган, өртөг зардлыг харьцуулан танилцуулсан ба манай улсын сонгосон маршрут нь эдний дотроос хамгийн урт, өртөг ихтэй нь байлаа.

Гадаадын мэргэжилтнүүд төмөр замын магистралийн хойд чиглэлийг Тавантолгойгоос яагаад ч юм шууд Айраг-Чойбалсантай холбож судлаад байсан. Харин манай тал Тавантолгойгоос татах замаа Цагаан суваргын зэсийн ордыг дайруулж , улмаар цааш нь Зүүнбаян, Сайншандаар дамжуулж байж, Чойбалсан тийш зүглүүлэх их урт хувилбар дээр тогтсон билээ. Говийн бүсийн ордуудын ирээдүйг арай алс хэтэд харсан хувилбар юм. Энэхүү уртын урт замын талаар өнгөрсөн намраас эхлэн ОХУ ба БНСУ-ын талтай Засгийн газар үндсэндээ тохиролцоод байлаа. Тавих зардал гэж тоймгүй их дүн гарна. Тэр хөрөнгийг Өмнөд Солонгосын 11 компанийн консорциум гаргах болж байна. Хөрөнгийн баталгаа нь Тавантолгойгоос олборлох коксжих нүүрс. БНСУ-ын эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах түүхий эд нийлүүлэх бартерийн байдлаар төлбөрийн асуудлыг урьдчилан шийдэх чигтэй байна. Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх төмөр замын их бүтээн байгуулалтын нөгөө нэг оролцогч тал нь Монгол-Оросын хамтарсан төмөр замын шинэ компани байх юм.

Чойбалсангаас цааш уг зам Соловьевскийн хилийн боомтоор дайрч, Владивосток чиглэн жирэлзэн одох нь ээ. Транс Сибирийн төмөр замын шинэ өрсөлдөгч хэмээн манай мөрөөдлийн замыг одооноос эхлэн ярьцгааж байна. Ирээдүйтэй гэсэн санаа.

Зүүн хойд Азийн эрчмийн хэрэгцээг судлан харсан хүмүүсийн хувьд бол барьж авахаас аргагүй хэрэгцээтэй ажил юм. Монгол улс Зүүн хойд Азийн зах зээлийн нүүрсний эрэлт хэрэгцээг хангах замаа ийнхүү татах санаатай байна. Мэдээж мөнгө байхгүй. Энэбиш даргын компани баталгаа нь болж өгөөд, урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлнэ.

“Эрдэнэс МГЛ” компани одоо ид шидээ үзүүлэх цаг ирлээ. Аладины үлгэрийн цаг дуусав. Ажил хэрэг, бодит хэлэлцээрүүдийн үе иржээ. Ийм утгаараа өнөөдөр БНХАУ-д хоёр улсын Засгийн газар хооронд үзэглэж буй Тээврийн хэлэлцээр нь монголчуудын мөнгө хэтэвчтэй холбоотой асуудал болчихоод байна. 1991 онд Хятад-Монголын хооронд байгуулсан Тээврийн хэлэлцээрийг шинэчилж байгаа нь энэ ээ. Цаад утга нь манай тал Хятадаар дамжин өнгөрөх тээврийн асуудлаа жаахан хөнгөвчлүүлэх санаатай “үзэж” эхэлсэн гэсэн үг. Дамжин өнгөрөх, нэвтрэх гарцаа “онгойлгохгүй” юм бол Тавантолгойн баялаг баялаг биш, Хятадын түүхий эдийн бааз болохоос хэтрэхгүй. Хятад улсын нутгаар дайруулан хилийн боомт хүрч, улмаар гадаад их далайд бүтээгдэхүүнээ гаргахын цэвэр утга, цэнгэг салхи нь чухамдаа дамжин өнгөрүүлэх нэвтрэлтийг цэвэрлэх явдал болоод байна. Ийм тээвэрлэлтийн асуудал хойд чигийн төмөр замд ч мөн хамаатай. Хэдийгээр Монгол улс нь ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй (РЖД ОАО) хамтарсан компани байгуулах гэж байгаа боловч хойд хөршийн замчид өмнөдийнхөөс хоёр дахин үнэтэй тариф санал болгодог. Өртөг ихтэй төдийгүй эрсдэл өндөртэй төмөр зам билээ. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.Якунинтай эндээ бид тохиролцож болох ч тэндээ далайн боомтуудад Оросын бизнесийнхэн хувь хувийнхаа эзэмшлийг тогтоочихсон , өндөр тариф нэхээд сууж чадах юм. Ийм бэрхшээл бодитой байгааг Дэлхийн банкны судлаачид төслийн тайландаа дэлгэрэнгүй дурджээ.

Энд төмөр замын ганцхан том маршрутын талаар цухас өгүүллээ. Төмөр зам барьж байгуулах субьектэд ашигт малтмалын орд газарт үйл ажиллагаа явуулах боломж нээж өгсөн Засгийн газрын шийдвэрийн талаар бас хоёр үг хэлхэх хэрэгтэй байх. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 13-ны хуралдаанаас ийм шийдвэр гаргасан юм. Шууд Якунины компани хэмээн нэр заагаагүй боловч ямар ч байсан Монгол-Оросын хамтарсан төмөр замын шинэ компани охин компаниараа дамжуулан ашигт малтмалын орд ашиглах ажилд оролцох эрхийг нээж өгчээ. Энэ шийдвэрээс улбаалаад Монгол нутагт уул уурхайн “охид “ цөөнгүй мэндлэх бололтой. Гол нь Тавантолгойн тендерт Оросын компаниуд нэг хүчтэй өрсөлдөгч болох нь ойлгомжтой болжээ. Уурхай эзэмшигч ба төмөр замыг хариуцагч компаниуд нь нэг эзний хоёр зарц байх вий, эндээс төмөр замыг гуравдагч этгээдэд ашиглуулах харилцаа хүндрэлд орох вий гэсэн болгоомжлол байна.

Говийн газрын зураг ийнхүү өөрчлөгдөж байна. Хэн юу эзэмших вэ гэдэг нь ягуухан тодорсоор байна. Хашаан дотроо , дүрэм журмын хүрээнд ажиллах хөрөнгө оруулагч байхын зэрэгцээ хаа хамаагүй харайж очоод байх ашиг сонирхлын дүр зургууд ч тодорсоор байгаа юм. Тиймээс Монголын зөвхөн өмнөдийг бус, эх орны ирээдүйг өргөн утгаар нь тодорхойлсон яриа хэлэлцээрүүдийн тухай манай олон нийт бодит мэдээлэлтэй байх ёстой.
Нэг , хоёр өнгийн далбаа нэлэнхүйдээ намираад байна гэж айхад бас эрт юм. ХБНГУ-ын Төмөр замын концерн Ухаа худагаас Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих төсөлд оролцох болжээ. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах нефть -химийн цогцолборыг Германы технологоор шийдвэрлэх нь ээ гэсэн хүлээлт байна. Европын Сэргээн Босголт , Хөгжлийн банк “Энержи Ресурс”–ын нэг хувьцаа эзэмшигч болсон нь говьд тойруулан босгох хашааны өнгөнд эерүү зохицол нэмжээ. “Энержи Ресурс” мөн л охинтой болсон агаад “ Энержи Ресурс Раил” компани нь Гашуун Сухайтаар дамжуулан Хятадын боомт хүртэл төмөр зам татах төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ Хятадын Шинхуатай хамтран ажиллах аж.

Оператор
Говьд 2015 он хүртэл дэд бүтэц байгуулах нийт зардал 5.1 тэрбум ам. доллар байна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Маш их ажил хийгдэнэ. Нийтлэлдээ , хот суурин байгуулах, усны судалгаа, хайгуул, эрчим хүчний дамжуулах шугамын тухай задлан дурдаагүй, зөвхөн төмөр зам, цахилгаан станцын заримынх нь талаар өгүүллээ. Энэ бүх бүтээн байгуулалтыг зохицуулах үүрэг Монгол улсын төр, засгийн өмнө ирээд байна. Ярих бус, хийх цаг боллоо гэсэн үг. Яаж хийхээс олон зүйл, тэр дундаа эдийн засгийн ирээдүй, үндэсний аюулгүй байдал тодорхойлогдоно. Яг одоо ойлгогдож буй зүйл нь энэ их хөрөнгө, нарийн мэргэжил шаардсан ажлыг төр, засаг дангаараа барж дийлэхгүй. Хувийн хөрөнгө оруулалтаар шийднэ. Дэд бүтцийн төслүүд эрсдэл ихтэй, зардал өндөр. Тэгэхээр юм болгон руу Засгийн газар давхиж ороод, хариуцлага үүрээд байхын хэрээр өөрөө давхар эрсдэл хүлээнэ гэсэн үг. Засгийн газрын эрсдэл гэдэг ард иргэдэд учрах эрсдэл юм.

Өөрөөр хэлбэл , төр ба хувийн хэвшил жинхэнэ утгаараа хамтран ажиллах өдрүүд ирсэн байна. Энэхүү шинэ харилцааг зохицуулах хуулийн төслийг өдгөө УИХ дахь Ажлын хэсэг боловсруулж байна. РРР буюу Public Private Partnership –ийн зарчим дээр суурилсан хууль эрх зүйн орчин Монголд цоо шинээр бүрдэнэ. Концессийн хуулийн үндсэн дээр асуудлыг зохицуулах хувилбар яригдаж байна. Хууль гарах төдийгүй шинэ байгууллага мэндлэх бололтой.

Өмнөд бүсийн дэд бүтцийн төслүүдийн оператор-зохицуулагч болж ажиллах байгууллагын талаар одоо дөнгөж ярих төдий байгаа юм. Бие даасан газар байх уу, Сангийн яамны дэргэд байгуулах уу, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд хариуцуулах уу, шийдвэр гаргах эрх мэдэл нь ямар байх вэ гэхчлэн ажиллах “раамыг” нь зангидах судалгаа хийгдэж байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон энэхүү асуудлыг судалж тодорхой болгох үүрэг хүлээжээ.

Хөрөнгө оруулагчид хашаа хашаандаа ажлаа хийгээд эхэллээ. Тэр болгоныг зангидах, уялдуулах эрх зүйн орчин төдийгүй бодит удирдлага , координатор нэн хэрэгцээтэй боллоо. Хоёр толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдчихвал л болчих аятай, цаашаа наадам залгаад, найрлаад амраад явчих шинжтэй яриа хөөрөөнүүд байх. Тэгвэл ажил дөнгөж эхэлж, бүр нарийн төвөгтэй шатандаа орсныг ард түмэн ойлгох цаг болжээ. Өнөөдөр хилийн чанадад хийгдэж буй хэлэлцээрүүдийн торгон үзүүр чухамдаа говийн өмнөдөд ойрын дор хаяж 20-30 жилд хэрэгжих том төслүүдийн хувь заяаг, өөрөөр хэлбэл бидний үр хойчийн ирээдүйг шийдэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр асуудал байнга яригдаж, шүүгдэн, хэлэлцэж буй биз ээ хэмээн найдъя.

Яагаад ч юм бэ бид дотооддоо өнгөц асуудал дээр учиргүй шуугиж орилолддог боловч асуудлын мөн чанар хаанаас хөвөрч эхэлснийг үл анзаардаг. Канадын Western Prospector компани Дорнод аймгийн Гурванбулагийн ураны орд эзэмших лицензээ Хятадын төрийн мэдлийн компанид худалдах хэлэлцээр яагаад хийх болов? Хариулт нь энгийн. Ерөнхий сайд гуравдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Ураны салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Канадын компани эндэх үйл ажиллагааныхаа ирээдүйг өмнөхөөс өөрөөр төсөөлж эхэлсэн билээ. 2025 оны үеэс дэлхийн эрчмийн шинэ залуу хаанд өргөмжлөгдөх ураны төлөөх өрсөлдөөн одооноос эхэлж буйн дохио юм. Тиймээс өнөөдөр манай төр, засгийн удирдлагуудын үзэглэж хэлэлцэж буй асуудал болгон ард иргэдийн анхаарал сонорт хүрэх учиртай.

Өмнийн их говийн шаргал газрын зураг түмэн өнгөөр хэрчигдсэн ирээдүйн төсөөллүүд бэлэн болжээ. Энэ бол бидний махбодийн нэг хэсэг. Эзний ёсоор хандах хүмүүс нь зөвхөн монголчууд. Жижиг хашаан доторх ажлуудыг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн бодлоготой, Бүсчилсэн хөгжлийн бодлоготой, Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах хөтөлбөртэй, Мянганы замтай , Ази-Европыг холбох олон улсын трассуудтай нэгтгэн зангидах үндсэн оператор, том хашааны эзэн нь монголчууд өөрсдөө юм.

Source: http://news.gogo.mn/r/52514

1 comment: