Friday 1 May 2009

Цэвэр Хөгжлийн Механизм

Өнөөгийн ахмад болон дунд үеийнхнийг бага байхад түрийгээр байтугай татсан цас намар орж хавар болтол хайлалгүй үлддэг байлаа. Гэтэл одоо ямар байгааг бид өөрсдөө харж мэдэрч байна. Үндсэндээ цасны барааг харахгүй талдаа орох гээд байна шүү. Яагаад ийм байдалд орж байна гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа биз. Энэ нь зөвхөн Монголд биш дэлхий нийтийн асуудал болоод байгаа бөгөөд энэхүү дулаарлын шалтгааныг агаар дахь хүлэмжийн хий ихэссэнтэй холбоотой гэдгийг эрдэмтэд нэгэнт тогтоожээ.

1990-ээд оны эхээр батлагдсан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци батлагдсанаар хүлэмжийн хийг бууруулах Киотогийн протокол 1997 онд төрөн гарч, 2005 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Энэхүү протоколоор дэлхийн дулаарлын гол эх үүсвэр буюу хүлэмжийн хийн ялгаралтыг аж үйлдвэржсэн, хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 оны түвшингээс 5-аас доошгүй хувиар бууруулах үүрэг хүлээжээ. Энэхүү протоколд хөгжиж буй орнууд нэгдэн үр өгөөжийг нь хүртсээр байна. Манай улс энэхүү протоколыг 1999 онд баталжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Киотогийн протоколын зах зээлийн зарчимд суурилсан 3 механизмын нэг Цэвэр Хөгжлийн Механизм хэмээх үйл ажиллагаанд оролцох эрхтэй болсон бөгөөд хүлэмжийн хийг бууруулсан аливаа төсөл хэрэгжүүлснийхээ төлөө урамшуулал болгон мөнгө авах бололцоотой гэсэн үг.

Бид хэрхэн оролцох вэ? Хүлэмжийн хий гэж юу вэ? Дэлхийн дулаарлыг багасгасныхаа төлөө хэрхэн мөнгө, хөрөнгө оруулалт олж болох вэ буюу бууруулсан хүлэмжийн хийн ялгаралтыг хэрхэн борлуулах вэ? гэх мэт асуултууд зүй ёсоор гарна. Юуны өмнө хүлэмжийн хий гэж юу болох талаар товч дурдъя.

Хүлэмжийн хий гэдэгт нүүрсхүчлийн хий-С02, метан-СН4, азотын исэл-(N20), фторт нүүрс ус-(HFCs), перфторт нүүрс-(PFCs), гексафторт сульфат-(SF6) нэгдлүүдийг багтааж байгаа юм. Эдгээрийн эх үүсвэрүүдэд хатуу түлш буюу нүүрс болон бензин шатахуун, тослох материалын шатаалт, барилгын болон бусад үйлдвэрлэл, тээврийн хэрэгслүүд, хатуу хог хаягдал, нефть, байгалийн хий, уул уурхай эрдэс баялгийн олборлолт, химийн үйлдвэрлэл, фторт нэгдлүүдийг үйлдвэрлэдэг болон хэрэглэдэг аливаа үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай өтөг бууц зэргийг багтааж болно.

Тэгэхлээр эрчим хүчний үр ашигтай үйлдвэрлэл, дамжуулалт түгээлт, хэрэглээг нэвтрүүлсэн, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлсэн, ойжуулалт болон ой нөхөн сэргээсэн ер нь л байгальд ээлтэй бөгөөд хүлэмжийн хийг бууруулсан технологи бүхий аливаа төслийг санаачлан хэрэгжүүлж үр дүнгий нь хөндлөнгийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар батлуулан бүртгүүлж нотолгоо авсан тохиолдолд нэг тонн нүүрсхүчлийн хийг дунджаар 20 америк доллароор тооцон олон улсын зах зээлд худалдах бололцоотой гэсэн үг. Тухайлбал, та метаний хийг ашиглан цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн төсөл хэрэгжүүлбэл 1 тонн метаныг нүүрсхүчлийн хийнээс 21 дахин илүү үнээр борлуулах боломж бас бий.

Өөрөөр хэлбэл, метан нь нүүрсхүчлийн хийнээс 21 дахин илүү хортой хий гэсэн утгаар нь тооцдог. Манай орны хувьд энэ төрлийн ажил эхлэл төдий байгаа хэдий ч одоогоор Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Монгол Зуух ХХК-ний төслүүд Цэвэр Хөгжлийн Механизмын Гүйцэтгэх зөвлөлд бүртгүүлсэн. Тиймээс энэ үйл ажиллагаанд аль болох олон төслийг хамруулах, иргэд байгууллагуудад ойлголт, мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх чиглэлээр БОАЖЯ-ны харьяанд Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банк, Японы бодлого хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран чадавхийг бэхжүүлэх төслийг мөн хэрэгжүүлж байгаа билээ.

source: http://news.gogo.mn/r/53166

2 comments:

book said...

ulesson.blogspot.com sonirhood uzeerei.

Mendee黒川 said...

Ene talaar humuus meddeggui baihdaa...
Gehdee goy medee tavisan bn.